Хөрөнгө Оруулалтын Экспо: Иргэдийн санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх эрмэлзэл нэмэгдэж байна

Blog Images

Хагас сайн өдрийн өглөө /2022.04.23/. Мянган хүний багтаамжтай Шангри-Ла зочид буудлын боллрүүм зааланд хүн гишгэх зайгүй уртаас урт дараалал үүсжээ. Тэдний дунд мөнгөө ухаалгаар өсгөхөөр улсынхаа компаниудад хөрөнгө оруулах анхны алхмаа хийхээр, аль хэдийн хөрөнгө оруулалт хийж, компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хуралд суухаар, шилдэг хөрөнгө оруулагчдын мөнгөө өсгөсөн туршлагаас суралцаж оюундаа хөрөнгө оруулалт хийхээр ирсэн гэх мэт төрөл бүрийн хүн бий. Алдаж болохгүй амралтын өдрийн үнэт цагаа “түгжрэлд” зарцуулахаар шийдсэн тэдгээр хүмүүс бол Монголын “хувьцаачид”. Тэд Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй Хөрөнгө Оруулалтын Экспод оролцохоор аз жаргалтайгаар дараалан зогсож буй нь тэр байв.

10,000 хүний оролцсон уг экспог Санхүүгийн зах зээлийн холбоо ТББ, 20 аж ахуй нэгжтэй хамтран зохион байгуулсан юм. Тус экспогоос онцлох үйл явдлыг хүргэе.

●︎ДЭЛХИЙН ШИЛДЭГ МУЗЕЙН ҮЗМЭРҮҮД МОНГОЛД

Экспогийн үеэр манай гараг дээр 4 ширхэг байдаг 480 жилийн настай анхны хувьцааг танилцуулсан юм. Дэлхийн шилдэг музейгээс л үзэх боломжтой олон зууныг туулан ирсэн үнэт үзмэрүүдийг Монголын хөрөнгө оруулагчид харан баясаж, оюундаа хөрөнгө оруулсан юм.

img

●︎500 ХҮҮХЭД ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛОХ АНХНЫ АЛХМАА ХИЙВ

Хөрөнгө Оруулалтын Экспод ирсэн 1500 хүүхдэд Монголын хөрөнгийн зах зээлд өндөр өсөлт үзүүлж буй топ 5 компанийн хувьцааны багцыг үнэгүй бэлэглэв. Энэ үйл явдал нь экспог зохион байгуулагчдын зүгээс тэдний ирээдүйд хийсэн бодитой, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болжээ.

image1

●︎ШИЛДЭГ ЭКСПЕРТҮҮДИЙН БОДИТ ТУРШЛАГА, ГАЙХАЛТАЙ СУРГАМЖ

Экспо үргэлжилсэн танхимуудын дотор хамгийн халуун, гал ассан уур амьсгал бүрдүүлж чадсан танхим яах аргагүй гол танхим буюу А заал байв.

Тус танхимд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд карьерынхаа чамгүй он жилүүдээр “хөрөнгө оруулсан” эрхмүүд 5 жилийн дотор хэрхэн 200 сая төгрөг босгох талаар зочидтой нээлттэй ярилцав. Мандал Санхүүгийн Нэгдэлийн Үүсгэн байгуулагч Ө.Ганзориг хөрөнгө оруулалтын болон мөнгөний талаарх сургамжууд, Д.Бадрал, О.Тэнүүн шаркууд мөнгөө өсгөсөн туршлагаа хуваалцав. Суудал нь дүүрсэн танхимд ирсэн зочид илтгэгчдийн илтгэлийг сонсохоор газар завилан сууж, зогсолтгүй тэмдэглэл хөтөлж байсан нь энэ чиглэлийн мэдлэг, мэдээллээр дутаж байсныг илтгэнэ.

image10

●︎2,000,000 ТӨГРӨГИЙН БАГЦЫН ЭЗЭД ТОДРОВ

Хөрөнгө Оруулалтын Экспогийн хөрөнгө оруулалтын түнш байгууллага болох CU Mongolia, Түмэн шувуут ХК, Мандал Даатгал ХК, Монос Хүнс ХК, Мандал Ирээдүйн Өсөлт ХОС гэсэн Топ 5 компанийн 2,000,000 төгрөг бүхий хувьцааны багц бэлэглэх уралдааныг цахим хуудсаараа зарласан. Тус уралдаанд нийт 1,300 гаруй хүн оролцож 3 азтан топ компаниудын хувьцааны багцын эзэн болсон юм.

image11

●︎МАРТАГДСАН ЦЭНХЭР, ЯГААН ТАСАЛБАРЫН ЭЗДЭЭС САЯТАН ТӨРӨВ

1990 онд олгогдсон цэнхэр тасалбараа шалгуулахаар олон хүн ирж өөрөө ч мэдэлгүй өдийг хүртэл хадгалсан сая, сая төгрөгөө олж мэдэв. Тэдэн дундаас хамгийн өндөр дүн нь 50 сая төгрөгөө олж мэдсэн явдал байлаа.

●︎КОМПАНИУД “ЭЗЭДДЭЭ” АШГАА ТАЙЛАГНАВ

Монос Хүнс ХК, Сентрал Экспресс Си Ви Эс ХК, Мандал Даатгал ХК, Түмэн Шувуут ХК, Мандал Ирээдүйн Өсөлт ХОС, Мандал Санхүүгийн Нэгдэл зэрэг компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийлээ. Өнгөрсөн хугацаанд компанийн явуулсан үйл ажиллагаа, алдаа оноо, ирээдүйд компанийнхаа стратегийн төлөвлөгөөгөө хэрхэн зураглаж, хаа хүрэхийг зорьж байгаагаа хөрөнгө оруулагч нартаа тайлагналаа.

image92

●︎ЭЦЭСТ НЬ

Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өндөр өсөлт үзүүлж анх удаа 5.8 их наядыг давсан билээ. Манай улсын хүн амын 75% буюу 2.5 сая иргэн үнэт цаасны данстай болж хөрөнгө оруулагч болох эхний алхмаа хийсэн юм. Харин Хөрөнгө Оруулалтын Экспогийн үеэр иргэд мөнгөө өсгөхийн тулд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж, бодит мэдээлэл дээр тулгуурлан хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн хүмүүсийн туршлагаас суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэж буйг экспертүүдийн илтгэлийг сонсохоор ирсэн танхим дүүрэн зочид илтгэж байсныг онцлууштай.

 

image231

img123